Сонин содон, өвөрмөц өнгө төрх, өв соёл, уламжлал, биед эвтэйхэн тав тухтай байдлыг загвар бүртээ тусгайлан шингээн, урлаж буйгаараа хүмүүсийн анхаарлыг хэдийнээ татаж чадсан “100” Брэндийг үүсгэн байгуулагч С.Жаргалмаатай ярилцлаа.
Илүү сонирхолтой, тав тухтай, дэгжин, өөр байж болох эрлийг хийсээр яваа түүний бүтээлүүд загварын чиг хандлагыг дагахаас илүүтэй, чамин дэгжин, үнэ цэнтэй хэрэглэгчдийг дагуулдаг.
Бүтээл бүр нь өвөрмөц, тансаг, эвтэйхэн, тухтай мэдрэмжийг шингээсэн болохоор хэн ч өмссөн тааламжтай.
-Гар зурагтай Монгол дээл, хувцасны төрөл нэлээд нэмэгдсэн харагдана. Сүүлийн үеийн шинэ бүтээлүүдийн талаар сонирхвол?
Хэн ч, аль ч насныхан эдэлж, өмсөж болох эрэгтэй, эмэгтэй гар зурагтай дээлнүүд, плажан загвар, сорочкон цамц, хүүхдийн дээл, цамц, хослол, алчуур, малгай, акссосиор гээд төрлөө нэмсээр л байгаа. Хүмүүсийн хэрэглээнд юу илүү шаардлагатай байна, түүнийг нь бүтээлчээр гаргахыг зорьдог.
Сонголтыг нь өргөжүүлж, үнэ цэнийг илүү нэмэгдүүлж байгаа хэрэг л дээ. Нөгөө талаас, юунд ч баригдахгүй, чөлөөтэй. Эрх чөлөөний илэрхийлэл.
-Сүүлийн жилүүдэд хүүхдүүддээ үндэсний дээл, хувцасыг зориулж худалдан авах сонирхол их болоод байгаа. Үүнийг бас хэдийнээ анзаарчээ?
Тийм шүү. Хүүхэд гэдэг бас өөрөөр илэрхийлж болох маш том урлагийн ертөнц байдаг. Ялангуяа хүүхдийн сэвлэг үргээх, 13-насны дом, үндэсний баяраар өмсгөх гээд маш их ач холбогдол өгч, зориуд ирж захиалга өгч хийлгэдэг болсон. Хүүхэд бүр өөрсдийн дуртай зүйл, илэрхийлэл өөр өөр байдаг. Монголчуудын дунд хүүхдээ 13 настай болоход шинэ дээл хувцас зэхэж өмсгөж домнох уламжлал байдаг. Тэр үүднээс хүүхдүүддээ зориулан сэтгэл зүрхээ шингээн, ерөөл өргөж усан мандал цагаан уул цэцэг, жаргалын найман морьд гэх мэтээр зуруулж, ерөөлийн үгсийг монгол бичгээр урлуулан авдаг.
Монголчууд маань өнгө, дүрс, байгаль дэлхий, цаг агаар, дээл хувцас, утга зохиол гээд ахуй амьдралын бүхий л зүйлсээ бэлэгдлээр илэрхийлдэг. Тиймээс ялангуяа үндэсний хувцас дээр бэлэгдлийг маш их ач холбогдол өгдөг.
Өмсөж буй хувцас дээр нь ерөөл шингээстэй, билэгдлийн дүрс зураг байгаль хамт байна гэдэг үнэхээр сайхан энергийг дагуулна шүү дээ. Мөн тухайн бэлэгдлийг өмсөж эдлэж яваа хүн өөртөө итгэлтэй, хамгаалагдсан мэт мэдрэмжийг авч байдаг.
Бүтээж буй бид ч бодол, сэтгэл зүрх, ур ухаан, энерги, сайхан бүхнээ дүрс, зураг бүртээ шингээн урладаг. Тиймээс өдөр бүр дандаа сайхан бүхнийг сонсож, баяр талархал авч байдаг.
-Сүүлийн үед танай овер сайзтай дээл их сонирхол татлаа. Ханцуйг нь эргүүлээд, пүүз, үдээстэй гутал дээр ч өмссөн зохимж гоётой, бас их эвтэйхэн, өдөр тутамдаа өмсөж болохоор санагдлаа?
Тийм шүү. Үндэсний дээлээ орчин үеийн залуусын өмсөх дуртай байгаа хэв маягт оруулж шинэ шийдэлүүд гаргасан. Ханцуйгаа эргүүлээд өөрт тухтайгаар өмсөж яагаад болохгүй гэж... Мөн эрх чөлөөтэй тухтай харагддаг. Залуучууд үндэсний хэв шинжтэй ямар хувцас байвал тэд өмсөх вэ гэдэг ч юм уу? Тийм бодол миний эхлүүлсэн брэндийн гол консепц болж явдаг гэхүү дээ.
Бидний үеийнхний болоод залуус зүү ороосон даалин, хавтага зүүгээд явах нь түгээмэл биш байдаг даа, гэтэл зүү ороосон хатгамалтай дээлнүүд маань тэдэнд илүү тухтай, хэрэглээнд нийцсэн сонголт болдог. Тэгэхээр яаж тэр сайхан үнэт зүйлсийг хэрэглэхэд нь таатайгаар бий болгох вэ гэж бодож бүтээдэг.
-Хийж буй дээл, хувцас бүрт давтагдашгүй байдлыг шингээж урлана гэхээр ядрана биз дээ?
Дурандаа гэдэг шиг. Дурлаж хийдэг болохоор ядардаггүй ээ. Мэдээж үүнийгээ дагаад үйлдвэрлэлт өргөжүүлж ажлын байраа нэмэгдүүлэх гээд олон ажил байгаа. Амьдралын хэв маягаа алдахгүй, зөв зохион байгуулаад явахаар тэгтлээ их ядартлаа ажиллахгүй. Ажлын цагтаа л ажиллана. Бизнес хийсэн ч бай, юу ч байсан хүний төрөлх чанар сөрөг биш байх л хамгийн чухал. Бүхий л зүйл сайнтай муутай байгаа. Эерэг сэтгэлгээтэй буюу аливаа зүйлд боломжийг түрүүлж харж чаддаг бол асуудлыг даван гарах арга зам олддог.
-Мэдээж, сайхан бүтээл хийх нь зураачийн хувьд сэтгэл ханамжийг дүүргэдэг байх. Бизнес эрхлэгчийн хувьд массыг хамарсан худалдаа болдоггүй байх?
Анхнаасаа шууд мөнгө их олно ч гэдэг юм уу хүлээлт биш байсан. Үнэ цэнтэй зүйлийг л бүтээх нь хүлээлт байсан. Тийм болохоор өнөөг хүртэлх тулгарч байсан бэрхшээл, асуудлуудыг хэзээ ч зовлон мэт өндөрт тавьж байгаагүй.
Брэнд бүтээнэ гэдэг цаг хугацаа харуулах зүйл. Тодорхой зорилго байгаа. Маш олон шинээр суралцах зүйл байгаа ч тавьсан зорилтынхоо л дагуу явна. Тэрнээс ашигтай гэсэн хувилбар руу хөрвөөд байвал нэг мэдэхэд эхлүүлсэн зорилт маань танигдахгүй болно шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчид болон брэндийн өнгө төрх, бүтээгдэхүүний маань үнэ цэнээ хадгалж бизнесийнхээ загварын дагуу өргөжөөд явна. Өөрийн бодож, олж харснаа заавал хийдэг дархлаа сууж байна даа. (Инээв)
-Шинэхэн урласан дээл, хувцсан дээрээ зураг аа зурж эхлэхдээ сандрал, айдас төрдөг үү? Хээ, зураас, зураг алдчих вий ч гэдэг юм уу?
Хэзээ ч үгүй. Эргэлздэггүй, айдаггүй. Догдолдог. Алдаанаасаа хэзээ ч айдаггүй. Хэрвээ алдаа гарвал тэр шинэ санаа болон хувирдаг. Ер нь алдхаас айхгүй, алдаагаа давтахгүй засаж сайжруулаад л явна.
-Бүтээлүүдээ, шинэ коллекциудаа танилцуулахад их хөдөлмөр зориулж харагддаг. Өнгө төрх, зураг авалт өвөрмөц байдаг?
Зураг авалт бас нэгэн уран бүтээлүүд төрдөг. Маш их хөдөлмөр зориулж хийсэн зүйл ээ илэрхийлэх зураг авалтын төлөвлөгөө, өнгө төрх, дүр, багийг бүрдүүлнэ.
Байгалийн зураг авдаг хүн ч юм уу, спортын, хурлын зураг авалт хийдэг гээд зурагчин бүр өөр өөрийн чиглэлтэй байдаг. Тиймээс түүнийг маш их бодож, төлөвлөж хийдэг. Манай зураг авалтын баг зурагчин, видеочин, үсчин, нүүр будагч моделиуд гээд бүгд Фэшион зураг авалт дээр мэргэшсэн өндөр түвшиний баг хамт олон ажилладаг.
Дээр нь бүтээлийн болон зураг авалтын зохиолыг баг маань бүрэн ойлгож зураг авалтаар дамжуулан илэрхийлдэг.
Энэ бүх зүйлийн нийлэмжээс бидний бодож буй танилцуулга жинхэнэ утгаараа хэрэглэгчдэд хүрнэ. Тэгэхээр олон хүнээс шалтгаална.
-Бүтээлүүдийн санаагаа яаж олдог вэ? Сорочкон цамцан дээр юу зурах, дээлэн дээр юуг тусгах ч гэдэг юм уу?
Олонх санаагаа жаахан амраад толгой сэргээд, байгаль дэлхийтэй ойр харьцах, маш гоё хөгжим сонсох, театрт жүжиг, тоглолт, музей үзэсгэлэн үзэх зэрэгт төрдөг. Яг тэр мөчид утсаныхаа note дээр тэмдэглэдэг.
-Гадаад, дотоодын олон үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцдог болжээ. Хамгийн сүүлд Японд оролцож байгаа харагдсан. Гадагшаа эрэлт хэр байна, харилцаагаа өргөжүүлж байна уу?
Тиймээ. Амжилттай оролцсоон. Япончуудын хувьд hand made гар урлалын бүтээлүүдэд их дуртай, өндрөөр үнэлдэг. Маш их сонирхдог. Худалдан авалт ч хийдэг. Дахин ирээрэй, таатай, санагдлаа гэх сэтгэлээр талархалтай хандсан. Япон ч гэлтгүй дэлхий нийтээрээ давтагдашгүй, өвөрмөц, тухтай зүйлд их дурлаж байна шүү дээ. Гадны орнуудаас мөн гадаадад амьдардаг Монголчуудаас их талархал хүлээж авдаг.
Мөн үндэсний бүтээгдэхүнүүдийг экспортолдог газруудтай хамтын ажиллагаатай ажилладаг.
-Цаашдын төлөвлөгөө юу байна?
Байнаа. Ойрхон бодож байгаа зүйл гэвэл хаягдал бүтээгдэхүүнүүдээ, материалын үлдэгдлийг яаж ашиглах вэ? Яаж үр ашигтай болгох вэ гэдгийг судалж байна. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох хог, хаягдлыг бууруулах, үр ашигтай болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Торго, силк төрлийн материал нь өөрөө их үнэ цэнтэй, эдэлгээ сайтай материалд ордог. Тиймээс хаягдлыг нь яаж бүрэн ашиглаж болох вэ, үнэ цэнтэй зүйл болгох вэ гэдгийг бодож байна даа.
-Баярлалаа, Бодсон санасан бүхэн нь биелэлээ олж, бизнес нь илүү өргөжин, дэлхийд түгэх болтугай.
Ярилцсан: Сэтгүүлч Ц.Мөнхдэлгэр
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334