• Comments 0
  • 2026-04-20
  • 3583
  • 0

Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсэд төмөр зам барьж байна

Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэл, үр дүн, ач холбогдлын талаар Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуунаас тодрууллаа.

 

–Багахангай–Хөшигтийн хөндий чиглэлийн төмөр замын төслийг танилцуулаач?

–Энэхүү төсөл нь 2025 оны нэгдүгээр сард Засгийн газрын 21 дүгээр тогтоол гарснаар хэрэгжиж эхэлсэн. Уг тогтоолоор Багахангай–Хөшигтийн хөндийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” компанид даалгасан. Төслийн үйл ажиллагаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Эхний үе шат буюу Хөшигтийн хөндий хүртэлх 87 км төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж, ухмал, далангийн ажлыг хийж дуусгасан.

Энэ ажилд дотоодын 39 компани оролцсон бөгөөд нийт гүйцэтгэл 98 хувьтай байна. Уг 87 км замд 49 ширхэг ус зайлуулах дугуй хоолой, 16 дөрвөлжин хоолой, мөн мал амьтан нэвтрүүлэх гарцыг байгуулсан. Багахангай талаас эхний 7 км хэсгийн дээд бүтцийг угсарсан.

Өвлийн хугацаанд дэр бетон, суман шилжүүлэг зэрэг материалуудыг бүрэн татан авч бэлтгэсэн. Одоогоор угсралтын ажил эрчимтэй өрнөж байна.

–Нийт бүтээн байгуулалтын ажил хэдэн хувьтай явж байна вэ?

–Төмөр замын үндсэн бүтээн байгуулалтын ажил 84 орчим хувьтай байна. Засгийн газрын 105 дугаар тогтоолоор уг төмөр замыг Улаанбаатар хотын Эмээлт өртөөтэй холбох шийдвэр гарсан. Ирэх долоо хоногоос гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулж, ажлыг үргэлжлүүлнэ. Бид Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу энэ оны есдүгээр сард уг төслийг бүрэн дуусгаж, анхны галт тэргийг явуулахаар төлөвлөж байна.

–Бүтээн байгуулалтын явцад ямар хүндрэл тулгарч байна вэ?
–Төслийн санхүүжилтийг Засгийн газрын тогтоолоор “Монголын төмөр зам” компани хариуцаж байгаа. Санхүүжилтийн зарим хүндрэлээс шалтгаалан ажлын явц саатах нөхцөл үүссэн. Үүнийг шийдвэрлэхийн тулд манай компани бонд гаргаж, гүйцэтгэгчдийн санхүүжилтийг шийдсэн. Мөн инженерийн хувьд Монголд өмнө нь хийгдэж байгаагүй гүн ухмалын ажил тулгарч байна.

Зарим хэсэгт 34 метрийн гүн ухмал хийж байгаа нь Монгол Улсын стандартад заасан 12 метрээс давсан үзүүлэлт юм.

Ухмалын налуу огцом байгаагаас зарим хэсэгт нуралт үүсэх эрсдэл гарч байгаа. Үүнийг Зам, тээврийн яамны шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид үндэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Бусад гарч буй асуудлуудыг тухай бүрд нь шийдвэрлэж байна.

–Энэ төмөр зам стратегийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
–Монголын төмөр зам ТӨХК-ийн зорилго бол үндэсний төмөр замын сүлжээг хөгжүүлэх юм. Багахангай–Хөшигтийн хөндий–Эмээлтийн чиглэлийн төмөр зам нь эдийн засгийн гэхээс илүү нийгмийн ач холбогдолтой төсөл. Өнөөдөр Улаанбаатар хотын дундуур явж буй төмөр замаас үүдэлтэй түгжрэл өдөрт дунджаар 3 цагийн алдагдал үүсгэдэг. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор хот дундуурх ачаа тээвэрлэлт буурч, замын түгжрэл багасна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Манай улсын хувьд нийслэлийн төвөөр дамжуулан аюултай, шатамхай ачаа тээвэрлэж байгаа нь эрсдэлтэй.

Эмээлтэд одоогоор 700–900 вагон түлш хадгалагдаж байна. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор эдгээр ачааг хотын гадна талд шилжүүлэх боломж бүрдэнэ.

Мөн бөөний худалдаа, ачаа терминалын үйл ажиллагааг Хөшигтийн хөндий рүү төвлөрүүлэх нөхцөл бүрдэнэ.

 

–Ашиглалтын хугацааг хэрхэн тооцож байгаа вэ?
–Төмөр замын ашиглалтын хугацаа дунджаар 100 жил байдаг. Нэг удаа стандартын дагуу барьсан тохиолдолд зуун жил ашиглах боломжтой. Шинэ зам ашиглалтад орсноор вагонууд Улаанбаатар хот руу нэвтрэхгүйгээр шууд дамжин өнгөрөх боломж бүрдэнэ.

–Чанар, баталгааны хувьд хэр найдвартай вэ?
–Монголын төмөр замчид анх удаа хангайн бүсийн нөхцөлд төмөр зам барьж байна. Жишээ дурдахад, Цогтцэций–Зүүнбаян чиглэлийн 416 км замын газар шорооны ажил 22 сая куб метр байсан бол энэ 87 км замд 16 сая куб метр ажил гүйцэтгэж байна. Энэ нь илүү төвөгтэй, их хэмжээний ажил гэдгийг харуулж байна. Зураг төслийг “Монголын төмөр зам” компанийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсын стандартын дагуу боловсруулсан. Иймд чанар, аюулгүй байдлын хувьд шаардлага хангасан гэж үзэж болно.

–Барилгын чанарт ямар хяналт тавьж байна вэ?
–Төмөр зам болон гүүрийн барилгын хяналтыг Зам, тээврийн хөгжлийн төв хариуцан гүйцэтгэж байна. Мэргэжлийн байгууллагын хувьд хяналтыг холбогдох стандарт, журмын дагуу хэрэгжүүлж байгаа.

Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334