• Comments 0
  • 2025-12-01
  • 133
  • 0

Малчин айлын хүүхдийг цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд СӨБ-ыг олгох олон талт хөгжлийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн санхүүжилттэй захилгат төслийн хүрээнд “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал:Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг 11-р сарын 28-ны өдөр МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэн, Боловсрол судлалын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургууль хамтран  зохион байгууллаа.

“Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал:Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт МУБИС-ийн бүрэлдэхүүн  сургууль, Боловсролын судалгааны хүрээлэн, Хүмүүнлэгийн Их сургууль, Сити Их сургууль, Глобал Удирдагч Их Сургууль, Идэр Их сургуулийн багш, судлаачид, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллөөс бүрдсэн нийт 60 гаруй хүн оролцов.

Үндэсний хэлэлцүүлгийг нээн МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нар үг хэллээ.

МУБИС-ийн Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа:Монгол  Улсын хүн амын тодорхой хэсгийг бүрдүүлдэг малчин өрхийн зургаан настай хүүхдүүдийн амьдралын хэв маяг, онцлог, алслагдсан байршил, байгаль цаг уурын нөхцөл нь сургуульд суралцах бэлэн байдалд хэрхэн нөлөөлж буй талаар суурь судалгаа хомс байсан нь энэхүү төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон юм.

Монгол Улсын Боловсролын Их сургуулийн санхүүжилттэй “Малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал:Амьдралын хэв маягийн харилцан хамаарал” сэдэвт захиалгат төслөөр малчин өрхийн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, амьдралын хэв маяг, нүүдэл, улирлын онцлог, сургуулийн орчин, багшийн хандлага, дэмжлэг, бодлогын шийдвэр зэрэг олон хүчин зүйлийн уялдаа холбоог илрүүлэн судлахыг зорьсон.

Төслийн баг малчин өрхийн зургаан настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдлыг танин мэдэхүйн, сэтгэлзүйн, нийгэмшихүйн зэрэг олон хэмжигдэхүүнээр тодорхойлох, эдгээрт малчин өрхийн амьдралын хэв маяг ямар эерэг ба сөрөг нөлөө үзүүлж байгааг тодруулан судалгааны үр дүнгээ хуваалцаж байгаадаа баяртай байна. Мөн сургууль, багш, эцэг эх, орон нутгийн удирдлага, боловсролын бодлого боловсруулагчдад зориулсан бодлогын зөвлөмж, арга зүйн санал боловсруулж, малчин өрхийн хүүхэд боловсролд тэгш хамрагдах, хэрэгцээндээ нийцсэн дэмжлэг авах боломжийг нэмэгдүүлэхэд энэхүү судалгаа чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл хэлэлцүүлгийг нээн үг хэлэхдээ “Монгол Улсын их хурал боловсролын тогтолцооны шинэчлэлийг хууль эрх зүйн түвшинд малчин өрхийн хүүхдийн боловсролын хүртээмж, багшийн нийгмийн баталгаа, алслагдсан бүсийн сургуулийн хүний нөөц, дотуур байр, дэмжих үйлчилгээ, цахим болон зайн сургалтын зохистой шийдлүүдийг бодлогоор хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Малчин өрхийн хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлогыг хэрэгжүүлэхэд сургуулийн орчин, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, багшийн чадвар, эцэг эхийн оролцоо, орон нутгийн удирдлага, төр-иргэн- иргэний нийгмийн хамтын ажиллагаа харилцан уялдаатай байж үр дүнд хүрнэ” гэдгийг онцлоод  Хэлэлцүүлгээс гаргасан бодлогын  санал, зөвлөмжийг эрх зүйн баримт бичгүүдэд тусган ажиллах асуудалд анхаарал хандуулж, хамтран ажиллах  болно гэдгээ  илэрхийллээ.

Энэхүү үндэсний хэлэлцүүлгийн гол зорилго нь төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдэл, бодлогын саналын талаар хамтран хэлэлцэж, санал зөвлөмж боловсруулж Засгийн газар, Боловсрол яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, орон нутгийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад  хүргүүлэх юм.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг доктор, профессор Р.Бандий “Малчин өрхийн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг дэмжих бодлого, эрх зүйн орчин, хэрэгжилт, зарим сургамж” сэдвээр тавьж, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудыг илтгэлийнхээ төгсгөлд хэлэв.

Тэрбээр“Алслагдсан малчдын хүүхдийг сургуульд бэлтгэх, сургахдаа үйл ажиллагааг нягт уялдаа холбоотой оновчтой бодлого, стратеги, менежментээр удирдаж байхад анхаарах хэрэгтэй. Мөн нүүдлийн гэр цэцэрлэг, сургууль, явуулын багш, холимог бүлгийн сургалт, зайн сургалт, зун, намар, өвөл, хаврын богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах шинэ санаачилгуудыг бий болгох, малчдын амьдрал, ёс заншил, өв соёл, бага насны хүүхдийг төлөвшүүлэх арга ухааныг сургуулийн өмнөх боловсролоос нь эрэмбэ дараатай эзэмшүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна” гэв.

МУБИС-ийн Боловсролын  судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Я.Шийлэгмаа, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Судалгаа арга зүйн тэнхимийн багш, доктор С.Батцэцэг нар “Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо хандлага” сэдвээр хийсэн судалгааны дүнг танилцуулав.

Тэд судалгааны түүврийн аргыг ашиглан Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар аймгийн 9 сумын нийт 255 эцэг, эхийг хамруулжээ.

Малчин өрхийн сургуульд суралцаж буй 6-7 настай хүүхдийн амьдарч буй орчин нөхцөлийг дараах  3 загвараар судалсан байна.

Нэгдүгээрт:Ээжтэйгээ хамт суурин газарт шилжин амьдардаг

Хоёрдугаарт:Төрөл садан -ах, эгч, эсвэл эмээ, өвөөтэйгөө амьдардаг

Гуравдугаарт:Дотуур байранд амьдардаг хүүхдүүд

Ээжтэйгээ хамт суурин газарт шилжин амьдардаг хүүхдийн тухайд авч үзвэл  ээжүүд хүүхдийнхээ сургуульд суралцах боломжоор хангахын тулд суурин газарт амьдарч байна. Энэ нь гэр бүл тусдаа амьдрах, мал аж ахуйн уламжлалт амьдралын хэв маягаас хөндийрөх эрсдэл дагуулж  байна гэж үзжээ.

6 настай хүүхдийн сургуульд суралцах бэлэн байдал, оролцоог сайжруулахын тулд  “Малчин өрхийн хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх бэлтгэл ангийн хөтөлбөрийг сум бүрт нэвтрүүлэх, Дотуур байрын сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Малчин өрхийн хүүхдийн тээврийн тусгай автобус, улирлын давтамжтай маршрут гаргах, Ээжүүдэд зориулсан “Гэрийн сурган хүмүүжүүлэгчийн богино сургалт” хөгжүүлэх, Эцэг эхийн оролцооны цахим платформыг хөгжүүлэх шаардлагатайг  “Малчин өрхийн амьдралын хэв маяг ба эцэг, эхчүүдийн оролцоо хандлага”  судалгаа хийсэн докторууд зөвлөлөө.

“Малчин өрхийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог”-ийг судалсан МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш, доктор Э.Октябрьжаргалаас түүний хийсэн судалгааны ажил болон 6 настай хүүхдийг сургуульд суралцах идэвх оролцоог нэмэгдүүлэхэд юун дээр анхаарах ёстойг тодруулав.

Тэрбээр “Суурин газрын хүүхдэд  цэцэрлэгийн орчноос сургуульд шилжих орчны өөрчлөлт явагдаж байгаа бол малчин айлын хүүхдийн хувьд амьдрах орчны бүрэн өөрчлөлтөд орж байна. 6 настай хүүхэд сургуульд суралцахын тулд орон нутгаас сумын төв рүү шилжиж зарим тохиолдолд дотуур байр, төрөл садныхаа гэрт амьдрах шаардлага гарч байна. Тийм учраас хүүхэд хамгийн анх сургуульд ороход цаашдаа сургуульдаа явах сонирхолтой, айдасгүй, итгэлтэй суралцах  суурь нь 6 насанд тавигдаж байгаа. Энэ насны хүүхдүүдэд тулгарч байгаа  маш олон асуудлууд байна.

Жишээ нь: хэл ярианы хөгжил, олон нийтийн харилцаанд орох, сургуулийн орчинд биеэ зөв авч явах, удаан хугацаанд сууж суралцах, гэрийн даалгавраа хийх гэх мэт олон шинэ дадалд суралцаж байх үед нь сургуулийн сэтгэл зүйч малчин айлын хүүхдүүдэд анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага байна. Гэвч суманд ажиллах сэтгэл зүйчдийн тоо хангалтгүй, хүрэлцээгүй байгаа нь хүүхдэд тулгарч буй асуудалд туслалцаа дэмжлэг  хангалттай үзүүлж чадахгүй байна.

Харин эцэг эхчүүдэд тулгарч байгаа асуудал нь хүүхдийнхээ гэрийн даалгавраа  хийхэд дуртай болгох сэдэл, тэмүүлэл өгөх, зөв арга барилаар заах, хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах сэтгэл зүйн мэдлэг дутмаг байна.

Тиймээс багш нар болон эцэг эхчүүдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих, малчин айлын хүүхэд сургуульд орсноор тулгарч буй олон асуудлуудыг анхаарах, сургуульд эергээр дасан зохицоход туслалцаа үзүүлэх сэтгэл зүйч, багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй байна.

Мөн малчин айлын хүүхдийг цэцэрлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд  сургуулийн өмнөх боловсролыг олгох олон талт хөгжлийн хөтөлбөрийг нэмэгдүүлэхэд анхаарах  шаардлагатай” хэмээн хэлэв.

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334