• Comments 0
  • 2026-01-20
  • 208
  • 0

Булган аймагт “Эрүүл Булган-2024-2028” хөтөлбөр хэрэгжиж байна

Булган аймгийн 16 сумын 50 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнүүд технологийн мэдлэгээ дээшлүүлж, салбарынхаа мэдээллийг иргэдэд хэрхэн энгийнээр хүргэх талаар туршлага судаллаа. Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооны зүгээс тус аймгийн Эрүүл мэндийн газар, “Сайхан монгол” телевизтэй хамтран “Эрүүл Булган” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтыг идэвхжүүлэхэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх  нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

СЭРГЭН ТАРХАЖ БУЙ ӨВЧНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЛЭЭР ИРГЭДИЙГ ХАНГАХ НЬ ТАРХАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БАЙХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа нь улсын төдийгүй орон нутгийнхны санааг чилээсэн асуудал болоод байна. Тус аймгийн хэмжээнд одоогийн байдлаар найман тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Иймд дахин сэргэн тархаж буй энэхүү өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, үнэн зөв мэдээллээр иргэд, олон нийтийг хангах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйн нэг нь тус сургалтын үйл ажиллагаа юм.

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР “ЭРҮҮЛ БУЛГАН-2024-2028” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Сургалтыг нээж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга П.Оюунцэцэг илтгэл тавилаа. Тэрээр “Бид нийгмийн эрүүл мэндийн мэдээллийг түгээгээд 12 жил болж байна. Гэвч тусгайлсан төвгүй байсаар ирсэн. Иймд нийгмийн эрүүл мэндийн төв байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. Манай аймгийн хувьд зүрх, судасны өвчлөл өндөр байдаг. Мөн хавдрын өвчлөл хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тиймээс бид урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, мэдээлэл түгээхэд ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Булган аймгийн Засаг даргын санаачилгаар “Эрүүл булган-2024-2028” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд элэгний хавдрыг эрт илрүүлэх, хоол боловсруулах замын өвчлөлийг бууруулах гээд олон зорилт тавьсан байгаа” гэлээ.

СУМДЫН МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД “ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА”-НЫ ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖИХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

Сургалтаар “Цагаан үзэг” холбооны сургагч багш А.Сарантуяа сумдын нүүр номын хуудас дээрх мэдээллээ оруулсан байдалд дүн шинжилгээ хийж, цаашид мэдээллээ хүртээмжтэй хэлбэрээр түгээж, цаг үеийн мэдээллийг орон нутгийн иргэддээ хүргэж, хөгжүүлэлтэд анхаарах талаар, холбооны дэргэдэх эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн, “Child.mn” хүүхдийн төрөлжсөн мэдээллийн сайтын үүсгэн байгуулагч А.Уянга “подкаст хэрхэн хийх вэ” сэдвийн хүрээнд рийлийг ямар өнцгөөс яаж хийвэл хүмүүст үзэхэд эвтэйхэн болох вэ гээд технологийн давуу талыг ашиглан контент бүтээх талаар сургалт орсон юм. Энэхүү сургалт нь сумдын мэдээллийн ажилтнуудын талархлыг хүлээж, сонирхож буй суралцахыг хүссэн чухал ур чадваруудынх нь нэг талаар оролцогчид хэлж байлаа.

Түүнчлэн холбооны сургагч багш, эрүүл мэндийн сэтгүүлч Б.Гандолгор “Эрүүл мэндийн мэдээллийг энгийнээр хэрхэн хүргэх вэ” сэдвийн хүрээнд мэргэжлийн үг хэллэгээс зайлсхийх, хүн рүү чиглэсэн, товч тодорхой мэдээлэл бэлтгэх талаар туршлагаа хуваалцаж, эрүүл мэндийн ажилтнуудын нийтлэг гаргадаг алдаа, дутагдлыг засаж, сайжруулах талаар хичээл орлоо. 

БУЛГАНЧУУДЫН АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГИЙГ ЭРҮҮЛ БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТАЛААСАА ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ АЖИЛЛАНА

Бид сургалтын үеэр тус арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Булган аймгийн “Сайхан монгол” телевизийн захирал Б.Мөнхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

 Тэрээр “Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд манай байгууллага түлхүү анхаарч ажилладаг. Бид мөн төрөлжсөн эрүүл мэндийн “Эмч зөвлөж байна” нэвтрүүлгийг олон жил үзэгчдэд хүргэж байгаа. Цаашдаа бид булганчуудын амьдралын хэв маягийг эрүүл байлгахын төлөө хувь нэмрээ оруулж ажиллана” гэлээ.

 Мөн Булганчууд 2026 онд айргийнхаа савыг шинэчлэхэд анхаарч ажиллах юм байна. Хуванцар савыг хэрэглээнээс гаргах аян өрнүүлэхээр зэхэж буйгаа энэ дашрамд дуулгалаа.

 

 

 

 

Ангилал:
Хуваалцах:

Нийт сэтгэгдэл (0)

! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Admin

blog

There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.

Бүртгүүлэх

Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай

©2024 Вэб хөгжүүлсэн TsasT Solution LLC TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334