.png)
Сэтгүүлч Г.Нараа
Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны кино энэ сарын 15-наас эхлэн бүх кино театруудаар үзэгчдийн хүртээл болж эхэлсэн.
“Нартай ярилцлага”-н энэ удаагийн дугаарт тус киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин М.Анужинг урьж, цөөн хором ярилцлаа.

- Уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөнхбатын Анужин гэдэг. Соёл Урлагийн Их сургуулийн Театрын урлагийн сургуулийн жүжигчний ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Одоогийн байдлаар дипломын жүжгийн бэлтгэлдээ орчихсон явж байна.

-Ингэхэд М. Анужин яагаад жүжигчин мэргэжлийг сонгож, суралцах болов. Авьяас удамшдаг гэж ярьдаг. Танай гэр бүлд урлагийн мэргэжилтэй хүн бий юу.
-Манай гэр бүлд урлагийн салбарын хүн байхгүй, аав минь сайхан дуулдаг хүн бий. Сурагч байхдаа урлагийн наадам, шүлгийн уралдаануудад оролцдог байсан. Мөн сумын хүүхдүүдийн Харшийн сүлд модны наадмын урлагийн тоглолтод бүжиглэдэг хүүхэд байлаа. Би том болоод загвар өмсөгч л болно гэж боддог байсан. Би чинь эмээ, өвөөдөө эрхэлж өссөн дөө. Эмээдээ “би дугуйланд явж суралцмаар байна” гэж хэлэхэд эмээ минь намайг маш их дэмжиж, олон ч дугуйланд хамрагдсан даа.

-“Задлаагүй захиа” уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байна. Анх энэхүү уран бүтээлийн Мядагийн дүрд тоглох болсон түүхээ хуваалцвал.
- “Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрийн сонгон шалгаруулалтад хоёр ч удаа оролцож, проб өгсөн. Хоёр дахь пробоо өгөх үед киноны ерөнхий найруулагч Б.Батдэлгэр надад хандаж “чи илүү хариуцлагатай баймаар байна, чамд Мядагийн дүр хэр бууж байна, ер нь бол уйлахдаа гол нь биш ээ, би энэ зохиолыг уншихдаа уйлсаар байгаад одоо нулимс минь ширгэх гэж байна, чи харцны тоглолтоороо үзэгчдийн сэтгэлд хүрмээр байна, мөн дээрээс нь олон тоглолтын нюанс гаргамаар байна”гэж хэлсэн дээ.
Зураг авалтын талбайд өөрийнхөө зураг авалтын хүнд сцендээ орсны дараа хамгийн түрүүнд найруулагчийн сэтгэлд хүрсэн болов уу гэж бодогддог юм байна лээ.

-Мядагийн дүрийг хэрхэн судалсан бэ?
-Киноны ширээний анхны уншлага хийгдсэн өдөр уран бүтээлчид “Задлаагүй захиа” уран сайхны киноны зохиолыг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн, теле жүжиг нь байдаг гэж хэлсэн. Тэгээд уншлагаа тараад гэртээ очоод “Дутуу хээтэй тооно” теле жүжгийг үзэж, Мядагийн дүрд тоглохдоо яг өөр дээрээ тусгаж, өөрөөрөө мэдэрч тоглоё гэж бодсон.
Сурагч байхдаа өвөөтэйгөө хамт алтан үеийн монгол ахуй харуулсан уран сайхны кинонуудыг их үздэг байсан. “Задлаагүй захиа” уран сайхны киноны зуны зураг авалт эхлэхийн өмнө “Тунгалаг Тамир” киног бүтэн үзээд Дулмаагийн дүрийг Мядагийн дүртэй адилтгаж харcан.

-Мядагийн ээжийн дүрд Ардын жүжигчин Ж.Оюундарь, аавд Гавьяат жүжигчин У.Батбаатар тоглосон шүү дээ. Тиймээс үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид Мядагийн дүрд тоглоход ихээхэн түшиг тулгуур болсон байх тийм үү.
-Зуны зураг авалт эхлэхэд Ардын жүжигчин Ж.Оюундарь эгчтэй төрсөн эгч, дүү шиг ойр дотно байсан болохоор дүрээ гарахад илүү амар байсан. Гэртээ аав, ээжтэйгээ хамт байх үеийн зураг авалтын үеэр Гавьяат жүжигчин У.Батбаатар ах миний харцны тоглолтыг харчхаад надад “миний охин яг над харц чинь зөв шүү” гэж хэлэхэд урам авч баярласан. Ер нь би хоёр жүжигчний тоглолт болон киноны текстээ хэрхэн өөрийн болгож хэлж байгааг харж сурсан даа.
-Гэр бүл нь киноны нээлтэд уригдаж, киног үзсэн байх. Ялангуяа өвөө, эмээ хоёр нь их баярласан байх.
-Анхны тоглосон киноныхоо нээлтэд өвөө, эмээ хоёрыгоо урьсандаа маш их баяртай байгаа. Кино дууссаны дараа гэр бүлийнхэн дээрээ очиход өвөө уйлсан сууж байсан. Ээж “өвөө чинь киноны нэр дэлгэцэд гарч эхлэхэд уйлж эхэлсэн” гэж хэлсэн. Өвөө минь киноны дундуур их л уйлсан юм шиг байна лээ. Намайг хараад үг хэлж чадахгүй уйлаад л байсан. Харин эмээ минь “миний охин одоо урлагийн хүн боллоо, сайн суралцаж, улам их хичээдэг юм шүү” гэж захисан.

-“Задлаагүй захиа” уран сайхны киноны уран бүтээлчид нэгдүгээр сарын 17, 18-ний өдрүүдэд Дархан, Эрдэнэт хотод киногоо нээж, үзэгчидтэйгээ уулзсан. Үзэгчид киноны баг хамт олныг хэрхэн хүлээн авч, сэтгэгдлээ илэрхийлсэн бэ?
-Кино дууссаны дараа үзэгчидтэйгээ уулзах үед нэг эгч надад дээр ирж “....Чиний тоглосон Мядагийн дүрийг ямар их өрөвдөв өө ”гэж хэлсэн нь их гоё санагдсан. Ер нь үзэгчдээсээ “баяр хүргэе, сайн байна, мундаг жүжигчин болоорой ” гэдэг урмын үг сонссон. “Задлаагүй захиа” уран сайхны киног маань үзсэн үзэгчдэдээ маш их баярлалаа. Кино үзсэн үзэгчдийн сэтгэгдэл өндөр байгааг хараад баяртай байна.
-“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрийн постер, трейлер цацагдсаны дараа үзэгчид Мядагийн дүрийг “Гарьд магнай” уран сайхны киноны Удвалын дүртэй төстэй ч юм уу гэсэн сэтгэгдэл бичсэн харагдсан. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байв.
-Миний тоглосон дүрийг “Гарьд магнай” уран сайхны киноны Удвалын дүртэй адилтгаж харсан үзэгчдэдээ маш их баярлалаа гэж хэлье.
.jpeg)
-М.Анужин анхны дэлгэцийн уран бүтээлээ “Задлаагүй захиа” уран сайхны киноны Мядагийн дүрээр үзэгчдэдээ танигдлаа. Цаашид үзэгчдийн зүгээс чиний дараагийн уран бүтээлүүдийг Мядагийн дүртэй харьцуулж, эсвэл чамаас жүжигчний ур чадвар, авьяас их шаардсан тоглолтуудыг хүсэж магадгүй. Энэ тал дээр юу гэж бодож байна вэ?
-Кино нээлтээ хийсний дараа бодоход анхны дэлгэцийн уран бүтээлийн гараагаа Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн “Задлаагүй захиа” уран сайхны кинонд мөнхөлж аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч нар аа баярлуулж чадсандаа их баярлаж байна. Мөн хэлний мэдлэгээ сайжруулахаас эхлээд мэргэжлээ дээшлүүлж сурах ёстой юм байна, анхны уран бүтээлээ “том” киногоор эхэлсэн болохоор тэр хэмжээгээр киноны саналуудад цензуртэй хандаж, түүхэн кинонд тоглох юм бол өөрөө ч гэсэн чадварлаг байх ёстой юм гэдэг зүйлүүд их бодогдож байгаа. Манай улсын кино урлагийн салбар дэлхийд монгол ахуй, өв уламжлаа харуулсан уран бүтээлүүдээр танигдана. Тийм болохоор сургуулиа төгсөөд түүхэн киноны сонгон шалгаруулалт зарлагдвал өөрийгөө сорьж, тэнцвэл тоглоно доо гэсэн бодолтой байна.
.png)
- Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
-“Цойлогсод” буландаа урьсан танай сайтын хамт олонд баярлалаа.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334