Өнөөдөр Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв хамтран “2024–2034 оны Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” (АҮАХ)-ийг хэрэгжүүлэх талаарх зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын байранд зохион байгууллаа.
2024 оны 12-р сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хүлээн зөвшөөрч, 2025 оны 8-р сард Туркменистан Улсын Аваза хотод болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлаар батлагдсан “Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөр” нь дэлхийн 32 далайд гарцгүй хөгжиж буй орны хөгжлийн өвөрмөц сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн 10 жилийн хугацаатай дэлхийн хэмжээний хөтөлбөр юм.
Нью-Йорк хотноо 2024 оны 1-6 дугаар сард болсон олон талт хэлэлцээг Монгол Улс Австри Улстай хамтран даргалан, АҮАХ-ийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Зөвлөгөөнд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцож, АҮАХ-ийн таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсад тулгарч буй сорилт, боломжуудыг хэлэлцэн, хэрэгжилтийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах талаар санал солилцлоо.
АҮАХ-ийн тэргүүлэх чиглэлүүдэд улс орнуудын хоорондох тээвэр, худалдааны дэд бүтцийг бэхжүүлэх, үүнд шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх; худалдаа экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн интеграцчилалыг бэхжүүлж, транзит, тээвэр, холболтыг сайжруулах; уур амьсгалын өөрчлөлт, гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг асуудлууд багтсан.
Зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн:
“Далайд гарцгүй хөгжиж буй улс орнууд далайгаас алс хол зайд оршиж байгаагаас үүдэн худалдаа, экспортын зардал өндөр, транзит тээвэр холболтын хувьд хязгаарлагдмал байдалд байна. Эдгээр нь эдийн засгийн өсөлтийг удаашруулдаг. Монгол Улс эдгээр сорилтод хамгийн их өртөж буй орнуудын нэг юм” хэмээн онцоллоо.
Монгол Улс дахь төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирал Д. Дөлгөөн нээлтийн үгэндээ ДГХБО-ын засгийн газар энэхүү хөтөлбөрийг улс орныхоо хөгжлийн бодлого, төлөвлөгөө, төсөвт уялдуулан нэгтгэж, хэрэгжүүлэх үндэсний механизмыг бий болгох нь уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үндэс юм гэж онцлон дурьдлаа.
Тэрээр:
“Иймд үндэсний хэмжээний санаачилга, хариуцлага, манлайлалгүйгээр уг хөтөлбөр нь сайн бүтэцтэй сайхан баримт бичиг хэвээр үлдэх эрсдэлтэй” гэж онцлон тэмдэглэв.
Уг АҮАХ-ийг боловсруулахад манлайлан оролцсон Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч асан, Элчин сайд В. Энхболд үндсэн илтгэлийг танилцуулав. Түүний илтгэлд танилцуулсанаар:
2022 оны байдлаар ДГХБО-ын худалдаа нь дэлхийн барааны экспортын дөнгөж 1.1 %, үйлчилгээний экспортын 0.7 %, дижитал үйлчилгээний 0.3%-ийг тус тус эзэлж байна.
Энэхүү уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP), Нэн буурай хөгжилтэй орнууд, Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон жижиг арлын хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар (UN-OHRLLS) болон Монгол Улсын тээвэр, ложистик, гааль, цахим хөгжлийн салбар болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оролцогчид АҮАХ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд хөтөлбөрийн зөвлөмжийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөгөөнд тусгах, хэрэгжилтийн замын зураглал боловсруулах, салбар хоорондын болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэв.
Зөвлөгөөний үеэр АҮАХ-ийн Монгол хэл дээрх товхимлыг албан ёсоор танилцууллаа.
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.
Утасны дугаараа бүртгүүлээд цаг алдалгүй мэдээлэл аваарай
©2024 Вэб хөгжүүлсэн
TSAST SOLUTION LLC Утас: 76771111, 88014334